Aгуулгыг урьдчилан таамаглах
Та өөрийн сонсох гэж байгаа сэдвийн гарчигаас эсвэл дэлгэц дээр гарч байгаа дүрслэлээс юуны тухай ярих гэж байгааг урьдчилан таамаглах хэрэгтэй.
Жишээ нь: “Weather forecast” гэсэн гарчиг болон дэлгэцэнд байгаа дүрслэлээс цаг агаарын мэдээний талаар ярих гэж байгааг ойлгоно. Ингээд та ‘sunny’, ‘windy’, ‘overcast’ гэх мэт цаг агаартай холбоотой үгс сонсоно гэдгээ урьдчилж мэднэ.
Ярианы сэдвийг урьдчилж таамагласнаар таны тархинд хадгалагдсан тухайн сэдэвтэй хамааралтай үгс идэвхждэг ба энэ нь тухайн сэдвийг сонсох үед ойлгоход хялбар болгож өгдөг.
Ерөнхий утгыг ойлгож сонсоход анхаарах
Та халуун хийн бөмблөгөөр (Hot air balloon) тэнгэрт нисэж байна гэж бодъё. Ингээд нисэж байх үедээ хаана шигүү суурьсан, хаана нягтаршил багатай, байшингууд нь ерөнхийдөө ийм загвартай юм гэх мэтээр тухайн газар нутгийг нийтэд нь буюу бүтэн нэг зураглал болгож харах боломжтой.
Аливаа зүйлийг сонсох үед ч ялгаагүй тухайн сэдвийг бүтэн зураглал болгож буюу ерөнхийд нь ойлгох боломжтой. Гэхдээ нэг ялгаатай зүйл нь мэдээлэл ар араасаа цуварч гарч ирдэг. Энэ дараалсан мэдээл дунд зураглалыг бий болгох үгс агуулагдаж байдаг.
Жишээ нь ‘food’, ‘friends’, ‘fun’, ‘park’, ‘sunny day’ гэх мэт үгс тус бүрдээ өөр өөрийн утгатай ч та эдгээр үгсийг дараалалаар сонсвол эдгээр нь ‘Picnic’ гэсэн санааг илэрхийлж байгааг ерөнхийлж ойлгох болно.
Ярианы нэг хэсгээс дараагийн хэсэг рүү шилжүүлж буй үг хэллэгийг илрүүлэх
Энэхүү холбоос үг, хэллэгүүд нь юуны тухай яригдаж байгаа болон яриа хаашаа чиглэх гэж байгааг ойлгоход тусладаг. Ялангуяа илтгэл болон лекцийг ойлгоход хэрэг болдог.
Жишээлбэл: Илтгэгч ‘I am going to talk about three factors affecting global warming…’ гэж эхэлбэл та дараа нь ‘first of all’, ‘moving on to’, ‘in summary’ гэх мэт яриа дараагийн хэсэг рүү шилжиж байгааг илтгэж буй хэллэгүүдийг сонсож болох юм.
Жижиг хэсгүүдийг сонсож ойлгоход анхаарах
Та одоо өмнө нь нисэж байх үедээ харсан байшингуудаа ойроос нягталж харах гэж байна гэж бодъё. Тэгвэл та өндрөөс харж байхдаа харж чадаагүй нарийн зүйлсийг анхаарч харахыг хүснэ.
Үүнтэй адилаар сонсох үедээ нэр, он сар өдөр, дугаар гэх мэт зүйлсыг анхаарч сонсох хэрэгтэй.
Нөхцөл байдалд тулгуурлан дүгнэх
Та гадаадад аялаж байна гэж бодъё. Нэг ресторанд хоол идсэний дараа төлбөх хийх гээд картаа өгөхөд үйлчлэгч картыг авалгүй уучлал гуйсан байдалтай ямар нэг зүйл хэлвэл та ойлгоогүй ч гэсэн “Уучлаарай картаар үйлчлэхгүй, бэлнээр төл гээд байх шиг байна” гэсэн дүгнэлт хийж болох юм.
Үүнтэй адилаар ярианд гарч байгаа үгнүүд дээр тулгуурлаж ямар хүмүүс хоорондоо ярьж байна, эдгээр хүмүүс ямар хамааралтай вэ, яриа хаана явагдаж байна? гэдэг дээр дүгнэлт хийж болно. Ингэж дүгнэлт хийсэнээр цаашдын харилцан яриаг ойлгоход хялбар болно.
Жишээ нь: Дараах харилцан ярианд анхаарлаа хандуулна уу.
A: Tom, did you do your homework?
B: I did, sir, but the dog ate it.
A: That’s a terrible excuse. You’ll never pass your exams if you don’t work harder.
Харилцан ярианд гарсан ‘homework’, ‘exams’ гэсэн үгнүүд дээр тулгуурлан багш, сурагч хоёрын хоорондох харилцан яриа юм байна гэсэн дүгнэлт хийж болно.