Нэгдүгээр алхам: Текстыг уншилгүйгээр сонсох
Энэ шатанд сонсохоосоо өмнө болон сонсож байхдаа “subtitle”-ийг уншилгүйгээр анхааралтай сонсож ямар хэмжээнд ойлгож байгаагаа шалгана.
Сонсохдоо үг нэг бүрийг ойлгохыг хичээлгүй зөвхөн ерөнхий утгыг сонсож ойлгоход анхаарлаа хандуулаарай.
Юуны тухай яриж байгааг ойлгоход тус болж магадгүй үг, хэллэгийг сонсвол түүнийгээ тэмдэглэж аваарай.
Хоёрдугаар алхам: Давтах
Текст болон “subtitle”-ийг харах арай болоогүй байна. Ихэнх хүмүүс юуны өмнө “subtitle”-ийг уншингаа сонсож алддаг.
Та эхний удаа сонсохдоо нэг эсвэл хоёр чухал үг, хэллэгийг сонссон байж болох юм. Харин 2 дахь удаагаа анхааралтай сонсож өмнө нь сонсоогүй зүйлээ сонсож чадах эсэхээ шалгаарай. Энэ маягаар доод тал нь 3 удаа сонсоорой. Өөрөөр хэлбэл дахин сонссон ч нэмж үг ялгаж сонсож чадахгүй болтлоо сонсоно гэсэн үг.
Хэд хэдэн удаа сонссоны дараа та нарын зарим нь юуны тухай яригдаж байгааг ойлгож эхлэх ч зарим нь ойлгохгүй хэвээрээ байж болно. Гэхдээ та санаа бүү зов, зүгээр л сонсож чадсан үг бүрээ тэмдэглэж аваарай.
Гуравдугаар алхам: Унших
Одоо текстийг унших цаг. Энэ шатанд сонсолгүйгээр текстийг уншиж өмнө нь сонсохдоо хэр зэрэг ойлгосноо шалгаарай. Текстийг уншиж байхдаа мэдэхгүй үг, хэллэг гарвал утгыг таахыг оролдоорой үүний дараа л толь бичгээс харах хэрэгтэй.
Мэдэхгүй үг, хэллэгээс гадна өмнө мэдэж байсан ч ялгаж сонсож чадаагүй үг, хэллэг гарна. Магадгүй та тухайн үгийг хэрхэн зөв дуудахыг мэдэхгүй зөвхөн уншиж цээжилсэн байж болно. Мөн зарим үгс хамтдаа хэлэгдэхдээ дангаараа хэлэгдсэнээс өөрөөр хэлэгддэг. Түүнчлэн ярих хурдаас хамаарч ялгаж сонсож чадаагүй байж болно. Иймээс эдгээр мэддэг мөртлөө мэдэхгүй үгсийг сонсоход анхаарлаа хандуулаарай.
Дөрөвдүгээр алхам: Subtitle-ийн хамт сонсох
Текстийг хэд хэдэн удаа уншиж, мэдэхгүй үг хэллэгээ мэдсэний дараа утгыг бүрэн ойлгосон байх болно. Харин одоо subtitle-ийг уншингаа сонсох цаг боллоо Энэ шатанд хэд хэдэн удаа сонсоорой.
Бүтэнээр нь сонсохын зэрэгцээ хэсэг хэсгээр нь сонсох дасгал хийгээрэй.
Тавдугаар алхам: Subtitle-гүйгээр сонсох
Эцсийн энэ шатанд subtitle-гүйгээр хэд хэдэн удаа сонсоод үзээрэй. Энэ удаад ихэнх зүйлийг ойлгож сонсох болно.
Хэдэн өдрийн дараа дахин сонсож сонсголоо бататгаарай.